• Home
  • Articles
  • Мѳсѳн арлын  ”Ногоон”  улс 

Мѳсѳн арлын  ”Ногоон”  улс 

Мѳсѳн арлын  ”Ногоон”  улс

 

 

Дэлхийн хамгийн том мѳсѳн арал болох Грийнланд нь газар зүйн хувьд Хойд Арктик, Атлантын далайн дунд оршдог, хамгийн цѳѳхѳн хүн амтай  (2013 оны байдлаар 56000), улс тѳр, соёлын хувьд Европид хамаардаг.

Айсландын дундад зууны домогт Норвеги гаралтай Эрик Де Ред 982 онд хѳлѳг онгоцтойгоо салхинд туугдан нэгэн нууцлагдмал мѳсѳн арал дээр буужээ. Эзгүй шахам энэ арлыг эзэмших хүсэлдээ хѳтлѳгдѳн, үүний тулд олон хүн авчирч суурьшуулах хэрэгтэйг ойлгожээ.

Ингээд Айсланддаа буцаж ирээд ѳѳрийн нээсэн газартаа хүмүүсийн анхаарлыг татаж, суурьшуулахын тулд ѳвѳрмѳц нэр олох хэрэгтэй болж, Грийнланд буюу Ногоон арал гэж нэрлэн, 985 онд нэлээн олон Айсландчуудыг цуглуулан буцаж ирж суурьшсан нь мѳсѳн арлын анхны Европчууд болсон юм.

 Одоогоос 40000, дараа нь 10000 жилийн тэрээ хоёр удаагийн Тѳв Азийн нүүдэл Берингийн хоолойгоор дамжин Хойд Америкт хүрсэн юм. Энэ нүүдэл урагшлах тутам цаг уурын тааламжтай байдалд уусан нүүдэлсээр зарим хэсэг нь Ѳмнѳд Америкт хүрсэн бол нэлээд хойно 4500 жилийн тэртээ одоогийн Канадийн газар нутгаас Арктикчууд усан замаар агнуур хайн хойшилсон нь одоогийн Хойд мѳсѳн далайн Мѳсѳн арлын нэг хэсэг иргэдийн ѳвѳг дээдэс болсон байна.

Дараа нь Х зууны эхэн үед Европийн орнуудыг айлгаж, эзлэж байсан хамгийн хурдан дарвуулт усан онгоц хийн, аймшиггүй оволзсон зүрхэт Викингчүүд Грийнландын урд хэсгээр нутаглаж байсан бол ХIII зууны үед  Инүйтчүүд нүүдэллэн ирсэн байна.

 

Инүйтийн уг гарвал нь Америк, Канадын Эскимочууд ба тэд  үндсэндээ Тѳв Азиас нүүдэлсэн Якутчууд юм.

Грийнланд нь 1700 оны үес Даний Хаант улсын харьяалалд захирагдаж байгаад, 1814 оноос албан ёсоор колони улс нь болсон байна.

Ѳнѳѳдрийг хүртэл ѳѳрийн ѳвѳрмѳц аж байдал, соёлоо хадгалан үлдсэн Дэлхий дээрх  цѳѳн хэдэн үндэстний нэг бол нүүдэлчин, анчин Грийнландчууд юм.

Тэдний аж байдал, угсаатан, соёлын онцлогийн талаар судалсан хамгийн анхны, томоохон судалгааг 1883-85, 1898-1900 онуудад Дани улсын эрдэмтэн, угсаатан судлаач Г. Холм, Г. Амдрупийн, Кнуд Расмуссен, Виллиам Талбитзер нар хийсэн.

Эдгээр судлаачдын ногоон арлынхны бодит амьдрал дээр хийсэн судалгааны бүтээлүүд нь анчин Грийнландчуудын нууцлаг амьдралын хэв маягийг судлахад хамгийн гол гарын авлага болдог.

Виллиам Талбитзер номондоо хамгийн анх Инүйт хүнтэй уулзсан мѳчѳѳ ”…нэгэн эр биднийг угтан гүйж ирсэн нь  дотуур ѳмд ѳмсѳѳгүй байсан ба манай аялалын багийн эмэгтэйчүүдэд нилээд эвгүйцэл тѳрүүлэв …” гэжээ.

 

 

Грийнландчууд үндсэндээ овгийн зохион байгуулалтай амьдардаг ба энэ нь хамтран ан хийх, гэр бүлээ тэжээх, тэсэхийн аргагүй хүнд цаг уур, араатан амьтны аюулаас ѳѳрсдийгѳѳ хамгаалахад дѳхѳм болдог.

Тэдний амьдралыг залгуулдаг гол ан болох далайн заан хав ойролцоогоор 3 тонн  байдаг ба арьсаар нь хувцас, завьны гадар, ясаар нь зэвсэг, тоглоом, жижиг завь хийхээс гадна ѳѳхийг нь түлш мѳн хүнс болгон түүхийгээр нь идэж маш их хүйтэн, харанхуйг давах шим тэжээл авдаг байна.

Грийнландчууд ангийн нѳхцѳл байдлаасаа шалтгаалан цаг уур, улирал даган нүүдэллэдэг.

Ѳвлийн улиралд нэгээс олон гэр бүл нийлэн амьдардаг ба бүгд зэрэгцэн хамт унтдаг. Энэ нь моногами буюу нэг хамтрагчтай гэр бүл биш полигами буюу хосолмол гэр бүлийн амьдралтай байдаг гэж үздэг.

       Грийнланд оюутан Николине Ники Бертелсений ярьсан нар, сарны тухай нэгэн аман домогт: Эрт цагт залуучуудад зориулсан ямарч цонхгүй харанхуй жижигхэн байшин байдаг байжээ. Тэнд орсон хүн ѳѳрийнхѳѳ хүссэн хүнийг үнэр, биеэр нь мэдэрч эр эмийн ажил хийдэг байж.  

       Малене хэмээх нэгэн залуухан үзэсгэлэнт бүсгүй тэр байшинд байнга нэгэн залуутай цагийг нѳхцѳѳн, тэр хүнээ  зүрх сэтгэлдээ хайралдаг эрээ хэмээн итгэдэг байж.

     Нэг удаа байшинд орохдоо гарандаа үнэс атгаж ороод нѳгѳѳ эрийнхээ цээжинд тэмдэг тавьжээ. Ингээд гэртээ ирээд унатахаар хэвтэхдээ, тѳрсѳн ахынхаа цээжнээс нѳгѳѳ тэмдэгээ олж хараад маш ихэд гашуудан ѳѳрийгѳѳ галд шатаан гэрээсээ зугтжээ.

        Харин араас нь ах нь галыг нь унатраахаар үнэс барин хѳѳсѳн ч хэзээ ч гүйцээгүй ба хоюулаа хѳѳцѳлдсѳѳр нар, сар болон мѳнхѳрсѳн гэсэн аман домог юм.

Энэ бол Грийнландчуудын амьдарлаас урган гарсан ардын аман домог юм. Домогт дурьдагдсан залууст зориулсан байшин саяхныг хүртэл байсан ба колоничлогч орны бодлогын дагуу Христын шашин хүч түрэн орж ирснээс сүүлийн жилүүдэд нүүдэлчин, анчин уугуул иргэдийн  амьдралд эрс ѳѳрчлѳлт орж, зарим хэсэгтээ уламжлалт хэв маяг нь алдагджээ.

 

Үүнд мѳн дэлхийн цаг уурын дулаарал, ѳѳрчлѳлт нѳлѳѳлж, хамгийн их цэвэр усны нѳѳц болсон мѳсѳн давхрага хайлан урсаж байгаа нь анчдын уламжлалт амьдрал болох каяак буюу нэг хүний хурдан завиар ан хийж, загасчлах боломж хумигдаж байна.

 

 

Грийнландийн газар нутгийн 80% буюу 1,710,000 талбай мѳсѳн бүрхүүлтэй. Хамгийн нэмгэн хэсэг нь 2-3 км зузаан. Гэхдээ цул мѳс гэж ойлгож болохгүй. 76-100000 талбай хуурай газрыг бүрхсэн мѳсѳн бүрхүүл юм. Судлаачид энэ бүрхүүл 2000 жилийн дотор хайлж дуусна гэсэн судалгаа гаргасан ч сүүлийн хэдхэн жилд хийсэн хэмжилтээр тооцолж байснаас илүү хурдацтай хайлж байгааг тогтоосон байна.

 Мѳсѳн цэвдэгийн урсгалын хурд нь ѳдѳрт 20-22м. Зѳвхѳн 2012 онд 120км талбай мѳсѳн давхрага хайлсан гэсэн хэмжилт хийжээ. Энэ их мѳс хайлж дуусахад далайн түвшин 7.2 м нэмэгдэж, зарим жижиг арал, арлын орнууд живэх ба дэлхийн газар зүйд нэлээд ѳѳрчлѳлт орох юм. Зуны улиралд ѳдѳржин гэрэлтэй, нар бараг жаргахгүй, −10, +10 °C дулаан. Харин ѳвлийн улиралд 24 цаг харанхуй, хоромхон зуурын үүрийн гэгээтэй, −40, −50 °C хүйтэн байдаг.

 

 

 

 

Грийнланд, улс тѳрийн хувьд ХVIII зууны эхэн үеэс эхлэн Дани улсын эзэмшил, колони болсон. Эзэн гүрний эрхшээлд цѳѳхѳн хүн амтай, тѳр, нийгмийн нэгдэлгүй орны хувьд түүхийн туршид хэд хэдэн удаа хэлмэгдэж хохирол амасч байжээ.

       Тухайлбал 1951 онд Даний засгийн газар 22 хүүхдийг эцэг эхээс нь салган Данид авч ирэн, Грийнландын шинэ иргэд, элит, удирдагчдыг Дани аргаар бэлтгэх туршилт явуулсан юм. Энэ ажиллагаа бүтэлгүйтэж, хүн тѳрлѳхтѳнд хүний угсаа гарвал, хэл, соёлыг хэнч хүчээр ѳѳрчилж болдоггүй гэдгийг харгис туршилтын үр дүн харуулсан юм.

       Харамсалтай нь эдгээр хүүхдүүд хэзээч нутагтаа буцаагүй ба талаас илүү хувь нь маш залуугаараа нас барж, үлдсэн нь одоо Дани гудамжинд архичин, гэр оронгүйчүүд болсон байдаг.

 

 

       Грийнландын улс тѳрийн тѳлѳѳлѳгч 2009 онд Даний засгийн газрыг албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан ч тухайн үеийн ерѳнхий сайд асан Ларс Локке Рассмуссен албан ёсны уучлал гуйхын оронд хувь хүнийхээ байр суурьнаас ”Би харамсаж байна” гэсэн хариулт ѳгчээ.

Мѳн 1953 онд Дани улс Америкийн засгийн газраас улс тѳрийн хамгаалалтын тусламж авахын тулд Грийнландын Туле хэмээх газар Америкийн агаарын бааз барих гэрээ хийж уугуул иргэд болох анчин, нүүдэлчин инүйтүүд болох 27 гэр бүлийн 116 гишүүдийг нутаг сэлгэн нүүлгэж, суурин амьдрал руу албадан оруулжээ. Хожим эдгээр хүмүүс ямар хүнд нѳхцѳлийг туулан, их хууралт мэхлэлтэд ѳртснѳѳ гунигтайгаар дурссан байдаг.

 

 

 

 

Энэ ажлыг Даний талаас хариуцаж байсан Янс Брѳстед: ”…нүүж очих газар чинь бэлэн дулаан байшин, сургууль, цэцэрлэг, дэлгүүр бүгд байгаа. Яг одоо нүүхгүй бол байшин оногдохгүй бас энэдээс албадан хѳѳнѳ…” гэж сүрдүүлжээ. Хѳгшид, хүүхдээ үүрч, дүүрэн 150км нүүсээр заасан газарт нь очиход хэлж байсан байшин, цэцэрлэг юу ч байгаагүй ба ѳрх бүрт нэг нэг майхан ѳгч барилгын ажлаа эхлэж байжээ. 1985 онд эдгээр ѳрх, хүмүүст санхүүгийн нѳхѳн олговор ѳгсѳн ч, тэд дахин ангаа хийж чѳлѳѳтэй амьдарч чадахгүй болсондоо бүгд харамсаж байлаа.

Грийнландчууд хэл, соёл, антропологийн хувьд онцлох зүйл маш ихтэй. Гаднах тѳрхийн хувьд Монгол тѳрхтэй. Хүйтэн цаг агаар давах чадвартай чигжилт ихтэй ясархаг учир жижиг биетэй ч хүнд жинтэй байдаг. Маш нээлттэй, ил тод яриатай.

 

Инүйт хэл нь Эскимо Алеут хэлний тѳрѳлд хамаардаг. Канадын инүктүт буюу индиануудтай ижил хэлтэй. Инүйтүүд ѳѳрийн хэлээр ярихаас гадна Дани хэл ашигладаг. Мѳн сургуулийн боловсролд Англи хэл нэмэлт хичээл болон ордог. Грийнландчуудын хэлэнд тоо байдаггүй учир Дани хэлний тооны нэр хэрэглэдэг.

Грийнландийн анчин, нүүдэлчин уугуул иргэдийн амьдралд чоно нохой хоёрын үржлийн дундаас гаргаж авсан Хүску нохой асар их үүрэг гүйцэтгэдэг. Чарганд хѳлѳглѳдѳг энэ нохой нь хамгийн алсын хараа сайтай, байгалийн аюулыг урьдчилан мэдрэх онцлогтой, маш хүчтэй, эзнээ орхидоггүй, багийн зохион байгуулалтад сайн ордог байна.

Найман нохой нэг баг болж, модоор хийж, амьтны арьсаар бүрсэн хавтгай чаргыг чирэн уул, толгод, хүйтэн шуурга ямарч бэрхшээлийг ажрахгүй давдаг. Зуны цагт 20кг хүртлэх ачааг нуруундаа үүрч, ѳвѳл чарга чирдэг. Мѳн эзэндээ ангийн сайн туслагч болж, далайн хав, үнэг агнахаас гадна хамгийн махчин амьтан болох цагаан баавгайтай ч тулалддаг байна.

Грийнландчууд оддоор зүг чигээ тодорхойлдог.

Грийнландын нийслэлийг НҮҮК гэдэг. Үгний утга нь НҮҮХ гэсэн монгол хэлний утгатай дүйцдэг нь хэл зүйн хувьд гүнзгийрүүлэн судлавал сонирхолтой дүгнэлт гарч болох юм.

Тэд бас хѳѳмийлдэг. Гэхдээ дандаа эмэгтэйчүүд нь харилцан хѳѳмийлж тэмцээн болгодог.

Мѳн бѳѳ мѳргѳл үндсэн сүсэг бишрэл нь болдог ба бѳмбѳртэй бүжиг нь соёл урлагын томоохон байр суурь эзэлдэг.

Энэ нуугдмал жижиг улсыг нуудаг эзэн гүрэн нь улс тѳр, эдийн засгийн хувьд ѳѳрийн бодлогоор удирддаг.

 2010 оноос Дани, Хятадын засгийн газрын улс тѳр, эдийн засгийн хэлэлцээрээр Грийнландийн мѳсѳн давхрага хайлсны үр дүнд гарч ирсэн газар доорхи ашигт малтмалын уурхай, барилга дээр Хятад ажилчид ажиллуулах гэрээ хийжээ.

Мѳн Хятадын засгийн газраас энэ арлыг худалдаж авах санал тавьсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд ч нэлээд шуугсан.

Дэлхийн хамгийн бага хүн амтай, ѳдрѳѳс ѳдѳрт хайлан урсах мѳсѳн доороос нь цухуйх газрын хѳрснѳѳс асар их ашигт малтмал илэрч байгаа энэ ”ногоон” арал олз ашгийн улс тѳрд олон орны анхаарлыг  ихээхэн татаж байна.

 

 

 

М. Эрдэнэчимэг

Угсаатан судлаач,

Музейн мэргэжилтэн

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

2014-01-11

 

 

 

Comments