“Армадилло”

Зургийн дарга Янус Метз

Найруулагч Ронние Фридтхжоф

101 минут

Дани 2010 он

 

 

 

 

“Армадилло” баримтат кино нь Афганистаны  дайнд Америкийн гадаад улс тѳрийн бодлогыг дэмжин оролцож байгаа Даний армийн тѳлѳѳлѳл болсон цэргийн алба хаагч залуусын тухай юм.

Кино эхлэхдээ эгэл жирийн Дани залуу дайнд явах болсон тухайгаа гэр бүлдээ хэлснээр оройн зоог дээр бүгдэд нь айх, гайхах зэрэгцсэн таах аргагүй түгшүүрт байдал илэрнэ.

Ингээд Дани эх орондоо байгаа сүүлчийн ѳдрѳѳ цэргийн залуус ”Үдэлтийн үдэшлэг” зохион байгуулж, тайчигч бүсгүйчүүдтэй эрээ цээргүй наргиж, дараа нь  Копенхагений  онгоцны буудал  дээр сэтгэл хѳдлѳгсѳн салах ёс гэр бүлтэйгээ хийгээд, Афганистанийг зорьж байгаагаар үргэлжилдэг.

Энэ кино нь үндсэндээ Афганистаны дайны талбарт байгаа Дани цэргийн ѳдѳр тутмын бодит байдал, түгшүүр,  байлдааны явц, нутгийн иргэдтэй харьцаж байгаа хандлага зэргийг бодитоор харуулсан маш хүнд сэдэвт кино юм.

 Дайны талбар болон тусгай үед зураг авалтын баг, хүн дагалдаагүй ба цэргүүдийн малгайд зоосон камераар бичлэг хийсэн нь энэ киног улам бодитой болгож, орчин цагийн баримтат киноны шинэлэг илэрхийлэл болжээ.

 

Хэдийгээр энэ кино нь Даний тал, Дани цэргийн тѳлѳѳллийг баримтлан харуулсанч, нийтлэлч би нѳгѳѳ талаас Афганистан улс, тэдний газар нутаг, хүн ардын талаас бичихийг хүслээ.

 

Бүрэн тоноглолтой, хамгаалалтын хувцас ѳмссѳн цэргүүд анхаарал болгоомжтой, хэзээд бууныхаа гохыг дарахад бэлэн, сэмээрхэн алхах ба сум байтугай, бѳмбѳг дэлбэлэх аргагүй танкнууд, нисдэг тэрэг ниссэн дайны ”халуун бүс” т хѳл нүцгэн хүү хонио хариулж, хүүхдүүдээ үүрсэн ээж нар гүйлдэж нутгийн иргэдийн амьдралын нэг ѳдѳр ѳрнѳж байна.

Гэр орноо ээж, бяцхан хүүхэдтэйгээ алдсан эр цэргийн баазад ирж мѳнгѳ гуйн, ярилцлага ѳгѳхѳѳр ирсэн нутгийн эрчүүд балга ус, идэх юмны хойноос юугаа ч ѳгѳхѳд бэлэн нүд нь гялалзаж, бяцхан жаалууд хүүхдийн гэнэн, хѳгжилтэй асуултаар цэргүүдийг шалан байцааж, халтар бор гараа тосон тойрон гүйлдэнэ.

Тиймээ энэд үнэхээр дайн болж байна. Хүмүүс алагдаж, хүүхдүүд ѳнчирч, харамсаад барамгүй үйл явдалууд жирийн юм шиг хѳвѳрч байгааг бодит дурангаар харахад яах аргагүй сэтгэл ѳвдѳж, бодолд дарагдана.

Энэ юун дайн юм, юуны тѳлѳѳ дайн, хэн хэнтэй байлдаад байгаа юм бол, энэдээс хэн хожиж, хэн нь хожигдох вэ?

 

Хѳлѳѳ олоогүй, ѳѳрийгѳѳ хамгаалах чадваргүй, тогтвор муутай улс тѳр, дотоодын хэт их маргаан, мѳргѳлдѳѳн нь эцэс сүүл дээ том гүрнүүдийн далд эзэрхийллийн бай болон эх нутгаа дайны талбар болгон үнэгүй түрээлслүүлж байгаагийн тод жишээ гэж, шууд хэлж болох юм.

1919 оноос эхлээд 4,5 удаагийн иргэний дайн, 1979 -1980 онд Орос Афганистаний дайн, 1994 онд Талибанчууд засгийн газрыг булаан авснаар 2001-2002 онд Афганистан Талибаны дайн үргэлжилж, Танилбаны эсрэг АНУ 2009 онд 30000 цэрэг  оруулснаар АНУ.ын бодлогыг дэмжсэн орнууд хүч нэмэн, цэрэг армиа оруулж эхлэсэн нь дээрх киноны гол баатрууд болох Дани цэргүүд хоёр улсын улс тѳрийн хэлцлийн дагуу, тушаал биелүүлэн байлдаж буйг үзүүлсэн баримт юм.

Хожил хэнийх ч болсон бай ялгаагүй, хожигдол нь ямарч сонголтгүйгээр Афган иргэд, тэдний газар нутаг болно.

Энэ киноны гол дүрүүд амьдралынхаа зургаан сарыг дайны талбар болсон нутагт ѳнгѳрѳѳж, цэргийн албаа дуусгаад нутагтаа буцан, эцэг эх, хайртынхаа энхрийлэлд тайван амьдрал руугаа шурган ороход доо бэлдэж, туулж ѳнгѳрүүлсэн дайны тоосыг угаан арилгаж байгаагаар бэлэгдэл болгон кино дуусч байна.

Гэвч нѳгѳѳ дайн, дайны хѳлд гишгэгдсэн нутаг орон, хүн ард нь Дани цэргүүд ирэхэд ямар байсан, явахад нь яг тэр хэвээрээ үлдэнэ. Энэ бол жинхэн эмгэнэлт баримтат кино.

Энэ киног үзсэн хэн ч ѳѳрийн эх орны тусгаар тогтнол, хараат бус байдал, бат бѳх тогтвортой, хамгаалалттай улс тѳртэй байх нь ѳнѳѳдрийн илүү хоол, үнэтэй машин, давхар байшин, газрын хѳрснийхѳѳ алт эрдэнэсдээ шунаглах тѳдийд анхаарлаа саринуулж, сиймхий гаргах аргагүй чухал зүйл болохыг зүрх сэтгэлдээ мэдэрнэ.

 

Зүгээр л энэ киног үзээрэй!

 

Буу барьсан хамгаалагчид байтугай, Библи барьсан лам, хүрз барьсан барилгачид, бидэр барьсан гуйлгачин хэний ч ѳмнѳ ѳргѳн хаалгаа хааж, ѳндѳр босгоо давуулахгүй байхын тѳлѳѳ Монгол тѳрийн бодлого чиглээсэй.

 

 

М. Эрдэнэчимэг

Угсаатан судлаач,

Музейн мэргэжилтэн

 

2014-09-20

 

 

Comments