“Дани” толгой

“Дани” толгой

Анх 2006 оны 4 сарын бороотой үдэш Дани улсын нийслэл Коренгаген хотод
газардсан цагаас эхлэн энэ орны түүх, соёлыг судлаж, хүмүүсийнхи нь аж байдал дунд
орон амьдарч байхдаа 90 жилийн өмнө Монгол оронд Дани иргэд ирэн өөрсдийн заншсан
суурин аж ахуйг эхлүүлж, ан гөрөө, арилжаа худалдаа хийн амьдарч байсан нь нилээд
анхаарал татав.
Дани улсын иргэн, цэргийн албан хаагч эмч Карл Кревс Оросын Эрхүү хотод Улаан
загалмайн байгууллагын шугамаар дэлхийн нэгдүгээр дайнд олзлогдогсодыг эмчилж
байдаад 1918 онд Оросын большевикууд хүч түрэн орж ирснээр тэрээр мориор зугтан
гарч Хөвсгөл Ханх, Хатгалаар нэвтрэн ирж, Эг голын сав газраар дайран Их хүрээгээр
дамжин Бээжин ороод тэндээсээ цаашлан далайн боомтоос усан замаар нутаг буцжээ.
Карл Кревс ийнхүү явахдаа Хөвсгөл нуур, Эг голын савд алт, шөрмөсөн чулуу,
нүүрсний илрэл байгааг мэдсэний дээр, ангийн үсний асар их баялаг нөөц байгааг
ажиглан анхаарч явжээ.
Дэлхийн I дайны дараа Дани болон Европийн бусад оронд ажилгүйдэл, эдийн засгийн
хямдал нүүрэлж, олон иргэд нутгаа орхин шинэ амьдрал эхлүүлж болох газар хайн
Америк, Австрали, Африкын орнууд руу өөрийн эзэмшиж заншсан аж ахуйгаа байгуулан
колоничлон амьдрахаар зориж байжээ.
Карл Кревс нутагтаа очоод дээрх иргэдийн адил Даний эзэмшил суурин байгуулах
тухай “Булган тал” төсөл боловсруулж, эхний баг бүрдүүлэх явцад 300 гаруй хүн явах
хүсэлт гаргаснаас голцуу цэргийн залуус болох Хеннинг Хаслунд Кристенсен зэрэг 5 хүн
сонгогдон 5000 Дани крон \одоогоор 100000-150000дкр нь 24 сая-36 сая мнт\ төлж, 1923
оны 3 дугаар сард Дани улсаас гаран усан болон хуурай замаар асар хол зай туулан мөн
оны 11 дүгээр сард Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол, Булган талд ирэн сууршиж,
модон байшин барьж, жижиг суурин байгуулан түүндээ халуун усны газар, талх барих цех,
мал үржүүлэх хөшөө байр, тариа ногоо тарих талбай, чихрийн манжин хүртэл тариалж,
усалгааны суваг, цаг уур ажиглах төхөөрөмж, ой зуурын худалдаа хийх жижиг дэлгүүр
зэргийг цогцлоон ажиллаж эхэлжээ.

\Сарлагаар газар хагалаж байгаа нь\ Хэннинг Хаслунд “Явнаа”


1924 оноос эхлэн ардуудаас ангийн үс худалдан авч анчин гөрөөчин, бөө удган, лам
хуварга, малчин ард, дээд ноёд бүгэдтэй нь харицаж байсан ч тэдний дийлэнх нь нутгийн
иргэдийг төдийлэн ойшоож үзэлгүй зөвхөн өөрсдийн аж ахуйдаа гол анхаарал хануулж
байсан бол Хэннинг Хаслунд Кристиансан онцгой өвөрмөц, аж ахуй, амьдрал, соёл,
түүхтэй нутгийн иргэдтэй илүү дотносож, сонирхон, илүү ихийг мэдэхийг хүсч монгол хэл
сурчээ.

 

\Монгол ноёд хүрээнд Хэннинг Хаслунд “Явнаа”\
Монголд улс төрийн байдал тогтворгүй болж, Орос улсын улаантны нөлөө хүчтэй
түрж эхлэснээр 1926 онд Даний жижиг суурин аж, ахуй тарж, нутгийн иргэдэд “Орос” Дани
доктор хэмээн алдаршсан Карл Кребс Булган талд үлдэн бусад нь таран өөр өөрсдийн
зорилгодоо хөтлөгдөн явжээ. 1926 онд Карл Кревс, Хеннинг Хаслунд Кристенсен нар
Монгол улсын зохих байгууллагуудад Монгол оронд үлдэж суурин аж ахуйгаа
үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргаж, 1946 он хүртэл 20 жил суух гэрээ байгуулж чадсан
боловч, Монгол улсын улс төрийн байдал хэт зүүнтэн Оросын шахалт тулгалтанд орж
эхэлсэн тул тэдний чөлөөтэй ажиллах нөхцөл бололцоо хумигдан 1936 он хүртэл ганцхан
эмч Карл Кревс үлдэж, нутгийн иргэдийг эмчлэн, хамтдаа амьдарч байгаад “гэнэт алга
болж” нутагтаа буцжээ.
Тэд өөрсдийн аялал, Монгол орон, нүүдэлчин ардын амьдрал, соёл, зан заншил,
шашин шүтлэгийн талаар Неннинг Хаслунд Кристенсен \Henning Haslund Christensen\
“Явнаа” \Jabonah\ 1932 он, “Заяа” \Zajagan\ 1935 он, “Азийн эргэн тойрон” \Asiatiske
strejftog\ 1946 он зэрэг гурван ном. Харин Карл Кревс \Carl Сrevs\ “Нэгэн Дани Монгол
оронд” \En Dansker i Mongoliet\ 1937онд ном бичсэн ба Дани болон Швэдийн “Улс төр”
зэрэг томоохон сонин хэвлэлд Дани аялагчид болон Монгол орны тухай “Сайхан
амьдралын тухай мөрөөдөл” \Drømmen om en bedre verden\ 1942 онд 11 цуврал,
“Монголчууд” 1937 он, “Зам” 1948 он гэх мэт олон цуврал нийтлэлүүд нийтийн хүртээл
болгосон бөгөөд эдгээр нь дэлхийн олон хэлээр өөр өөр нэрээр хэвлэгдэж, Монгол орны
түүх, соёл, нүүдэлчин ардын амьдрал, бөө мөргөлийн нууц, гайхамшигийг өөр өөрийн
өнцгөөс харуулж, XX зууны Монголын давдагдашгүй түүх, соёлын эх сурвалж болгон
үлдээсэн юм.
Бас нэг гайхалтай зүйл бол Хэннинг Хаслунд Кристенсен 1926 онд Хаалганд очиж
Шведийн газар зүйч судлаач Свен Хединий Төв Азийн экспедицид нэгдэн орж, 1927-1930
онд Шинжаан, Торгуудаар явахдаа монгол нүүдэлчдын амьдралыг илгүүд сонирхон
судлаж, эд өлгийн үнэт цуглуулгийг бүрдүүлэн Даний Үндэсний Музейд хүргүүлж, тэр
тусмаа монгол ардын дуу, хөөмий, бөө, ламын уншлага зэргийг маш ихэд бахдан судлаж,
дуу бичлэгийн хуурцагт хураан, дууныхаа уг утгыг ойлгоход ихээхэн цаг зарцуулж байсан
нь гайхалтай.

\Хэнниг Хаслунд болон Лодой нар дууны утга хөрвүүлж байгаа нь. “Гэр” сэтгүүл\

Түүний цуглуулгад 50 тэмээ ачаа, хальсанд буулгасан 250 гаруй монгол ардын дуу
болон 50 гаруй хөгжмийн зэмсэг багтжээ. Хэдийгээр тэрээр Монголоор уншиж, бичиж
сураагүй, Монголоор маш сайн ярьдаг байсан ч эртний монгол аялагатай дуунуудын утгыг
ойлгож, дани хэл рүү хөрвүүлэхэд хүндрэлтэй байсан тулд түүнд монгол хэл, бичгийн
туслах шаардлагатай байжээ.

\Хэннинг Хаслунд болон лам нар\

\Морин хуур\

Хэннинг Хаслунд Кристенсен 1938 онд Хөх Хотод Ар Монголын Засагт хан аймгаас
зугтан гарч очсон Лодой лам болон түүний найз Ар Монголын нэгэн ноёны хүү Баттай
уулзажээ. Тэрээр эхлээд Батыг монгол ардын дууны утгыг хөрвүүлэх ажилдаа
туслуулахаар авсан боловч тэрээр эртний зарим дууны утгыг тайлж ойлгож чадахгүй
байж. Ингээд түүний аян замын хамтрагч Лодой ламыг туслахыг хүссэн байна.

\Лодой лам уншлага хийж байгаа нь. Хэннинг Хаслунд “ Монгол зураачтай уулзсан
нь”\ нийтлэл

Лодой бол XX зууны монгол бичиг, соёлын гайхалтай төлөөлөгч төдийгүй, авьяаслаг
зураач байжээ. Тэрээр Хаслундад монгол дууны утгыг хөрвүүлэн, зарим дууны эртний
хэлц домгийг хүртэл ярьж, тухайн дууны утга агуулгыг илэрхийлсэн зураг зурдаг байж.
“Түүний зургууд маш ойлгомжтой, монгол орон, монголчуудын тухай огт мэдэхгүй хүн ч
энэ юун тухай болох нь шууд харагдахаар утга, санааг шууд илэрхийлдэг” хэмээн Хаслунд
бичсэн байдаг. Мөн тэрээр Лодойн тухай бичихдээ “...тэрээр зурахдаа тиймч идэвхтэй
биш, маш их завсарлага шаардан, зарим нэг дуучидтай ярин цагийг нөхцөөж, заримдаа
нуруугаа үүрэн, амандаа дуу аялан гадуур алхан, эсвэл тэрээр зүгээр л бийрээ амандаа
сорон сууж байгаад гэнэт өөрийн зургийн ширээрүүгээ үсрэн очиж, зурж эхлэдэг...” гэжээ.

\Лодойн хамгийн том зураг болох “Хавар” хэсгээс\ “Гэр” сэтгүүл

Хаслунд Лодойгийн зургуудыг маш тааламжтай хүлээн авч, өндөр үнэлдэг байснаа
өөрийн ном болон өгүүллэгүүддээ дурьджээ. Мөн Хаслунд түүний зургуудыг фото зургаас
илүүд үздэг байж. Лодойн жинхэнэ Монгол уран зургийн арга барилаар, өөрийн гэсэн
өвөрмөц шинэж чанарыг агуулан монгол ардын дууны утга агуулгын илэрхийлэн зурсан
зургууд, Хаслундад туслаж байсан 2 сарын дотор бүтээсэн 20 гаруй бүтээлийн эх хувь нь
одоо Даний Үндэсний Музей болон Хаслундын үр хүүхдийн өв болон хадгалагдаж байна.

\Лодой “Наадам” зураг “Гэр” сэтгүүл\

Монгол ардын дуу хуур гэдэг нүүдэлчин түмний түүхийн үнэлэшгүй өв хөрөнгө билээ.
Суурин соёл иргэншил үүх түүхээ бичиж тэмдэглэж үлдээдэг бол нүүдэлчдийн ялгаа нь үр
хүүхэд, хойш үедээ өвөг дээдсийнхээ түүхийг аман яриа, дуу хуур, домогоор үлдээх нь
өргөн билээ. Энэ утгаараа Хаслундын хальсанд буулган хураан авсан монгол ардын дуу,
ардын яриа монголын түүхийн барамгүй судалгааны эх сурвалж болох нь тодорхой.
Эдгээр дуутай халс нь одоо Дани улсын Aarhus State Bibliotek.д хадгалагдаж байна.
Дэлхийн олон оронд хэвлэгдсэн номуудад бахдан бичигдсэн үзэсгэлэнт сайхан
байгаль, амгалан тайван ард иргэд, ариван их ан гөрөө, үржил шимт хөрс, хөрсөн доорх
алт эрдэнэсээрээ 6000 гаруй км цаана орших арлын орны иргэдийг өөртөө татаж, адал
явдал, амьдралын гайхамшиг, мөрөөдлийн өлгий болсон энэ Булган тал нь одоогийн
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг билээ.

\Булган тал. Фото: М. Эрдэнэчимэг\

Эрдэнэбулган сум нь байгалийн үзэсгэлэн, түүхийн үнэт дурсгалуудын өлгий болсон
нутаг ба Аав, ээжийн үзүүр, Улаан хад, Сандаг цахир, Сонгино уул, Ишгэн толгой, Бүргийн
хад, Удганы хүрээний тууриуд зэрэг түүхийн дурсгалт, домогт газрууд олон бий. 2010 оны
байдлаар 2760 иргэдтэй. Газар тариалан, аялал жуулчлал түшиц болсон сум.
Энэ сумд анх очиход хамгийн түрүүнд анхаарал татах зүйл бол сумын төвд алхам
тутам тааралдах маш олон тооны, өвөрмөц хэв шинэжийг агуулсан эртний түүхт
киргисүүрүүд юм.

Эрдэнэбулган сумын Киргисүүр. Фото: М. Эрдэнэчимэг

Эдгээр киргисүүрүүд нь ерөнхийдөө хөрсөн дээр харагдах байдал, хэмжээний хувьд
харьцангуй том, илүү өвөрмөц зохион байгуулалттай түүхийн үнэлэшгүй дурсгал гэдэг нь
тодорхой. Харамсалтай нь эдгээр түүхийн үнэт дурсгал огт судлагдаагүй, нутгийн хүмүүс
юу болохыг нь огт ойшоож үзээгүйгээс дээр нь хашаа байшин барьж, үхрийн баас, аргал,
хомоол овоолж, дийлэнх нь тоногдон, ямарч хараа хяналтгүй, ойшоож, хамгаалагдаагүй
байгаа нь монгол улсын холбогдох яам, газар, түүхийн хүрээлэн яаралтай анхаарал
хандуулж, хөрсөн дээр болно доорх түүхийн хосгүй үнэт өв, дурсгал руу хараа хяналтаа
улам сунган, судалгаа хийж, он цаг, холбогдох мэдээллийг нь олон нийтийн хүртээл
болгож, улсын хамгаалалтанд авах зайлшгүй шаардалагатай байгаа нь харагдаж байна.

\Эрдэнэбулган сумын дундах Киргисүүр фото: М. Эрдэнэчимэг\

Сумын засаг дарга Бэх-Очир, ИХТ-ын дарга Энхбаяр нарын туслалцаагаар Дани
улсын иргэдийн эзэмшиж байсан Эрдэнэбулган сумын Булган тал, суурин аж ахуй
байрлаж байсан тохой \нутгийг иргэд одоо Дани толгой гэж нэрлэх болсон\, Дани улсын
туслалцаагаар баригдсан Эгийн голын усан цахилгаан станц зэргийг танилцуулж, нутгийн
иргэдээс Дани иргэдийн талаар ам дамжин яригдсан сонин содон зүйлсыг тэмдэглэж
авлаа.
Сумын төвөөс баруун тийш сунан, модтой өндөр уулсын дундах халиурсан өвстэй
үзэсгэлэнт талыг Булган тал гэх ба зүүн талаар нь Хөвсгөл далайгаас эх авдаг цорын ганц
гол Эгийн гол урсна.

Эгийн голын гүүр гарч, холгүйхэн орших хойноосоо урагш сунаж байрласан урд хэсэг
нь хадан хавцалтай модон доторх Дани хэмээн нэг улсын нэрээр нэрлэгдэх болсон энэ
толгой бага зэрэг нууцлагдмал голын хоёр салаа тохой, урдхан талдаа рашаан нийлдэг
байгалийн сонин тогтоц бүхий үзэсгэлэнт газар харийн орны хэсэг хүмүүс монгол нутагт
чихрийн манжин, төмс, усан төхөөрөмж зэрэгтэй анхны суурин аж ахуйг цогцлоон сууршиж
байсан ч одоо тэдний бичсэн дурсамж ном, ард түмний ам дамжсан ярианаас өөр нүдэнд
үзэгдэх зүйлс үлдээгүй. Энэ толгой дээр Дани иргэдэд зориулсан хөшөөг Дани Монголын
Нийгэмлэгээс босгосон байна.

\Дани иргэдэдын дурсгалд зориулсон хөшөө. Эрдэнэбулган сум
фото: М. Эрдэнэчимэг\

Сумын орлогч дарга Оюумаа: Тэр үед Дани гэж улс байдгийг мэддэггүй байсан
болохоор “Дани” гэдэг нэртэй Орос хүн гэж ярьдаг байжээ.
Эрдэнэбулган сумын ИХД Энхбаяр ярих даа: Намайг жоохон байхад энэ хэсэг газар
байшингийн суурь, зангидсан дүнз, усан сэнсний үлдэгдэл зэрэг байсан ч олон жилийн
үерээр урсан алга болсон гээд мөн голын цаана хэсэгхэн тэгш тал бий тэнд Дани
хүмүүсийн тариа, ногооны талбай бий гэлээ.
Энэ толгойн урд хэсгийн эгц хадан цохионы доор тэд байшингаа бариж амьдран,
голын цаана тариа ногоогоо таридаг байсан энэ хэсэгхэн газар нь үнэхээр нуувч газар мэт
сэтгэгдэл төрүүлэм битүү модон дунд гол ус, өндөр уулаар хүрээлүүлсэн энэ сайхан
газрыг эзэмшин, суурин аж ахуйгаа байгуулан амьдрахыг хүсч байсан харийн иргэд энэ
нутгийг онцгойлон сонгожээ.

\Н. Цэцэгмаа Эгийн голын цахилгаан станцын гадаа. фото: М.Эрдэнэчимэг\

Даний хөрөнгө оруулалтаар баригдсан Эгийн голын усан цахилгаан станцын харуул
нутгийн уугуул иргэн Н. Цэцэгмаа:
Тэрээр: Миний ээжийн аав Бэх-Очирийн Дагва 1896 онд төрсөн. Өвөө аав маань тэр
Дани хүмүүсийн тариалангийн талбайд туслан үхэр анжис хөтлөж, малыг нь малладаг
байсан. Тэд төмс тариалан нутгийн хүмүүст өгч яаж идэхийг зааж өгсөн. Тэр үед төмс гэж
мэддэггүй байсан болохоор Даний ЯАВ гэж нэрлэдэг байсан \бодвол явлока гэсэн санаа
байх\. Миний аавын ээжийг Пэлдэн гэдэг байсан. Эмэг ээж маань Дани аж ахуйн хувцасыг
нь оёж, ангийн арьсыг нь элддэг байсан. Тэд хоорондоо маш сайн харьцаатай дотно
байсан учир “Орос”-ийн Дани эмч \Карл Кревс\ өөрийн Данид төрсөн охиноо Пэлдэн гэж
эмэг эхийн маань нэрээр нэрлэсэн. Сүүлд би Монголд зочлон ирсэн Дани иргэдээс энэ
тухай асуухад үнэхээр Пэлдэн гэж Дани сувилагч эмэгтэй байсан гэдэг. Миний ээж их
өвддөг хүүхэд байсан. Ээжийн маань баруун хавирганы завсараар их хонхорхой байдаг
сан. Би хүүхэд байхдаа: Ээжээ энэ яасан юм бэ? гэж асуухад ээж маань “Дани доктор
намайг эмчилж хүн болгосон юм” гэж билээ. Ингээд бодоход Дани доктор гэрийн нөхцөлд
бүр мэс ажилбар хүртэл хийж хүний амь аварч байсан байна. Н. Цэцэгмаа гуай: Хүн,
хүний амь гэдэг ийм үнэтэй. Хэрвээ тэр үед ээжийг маань эмчлээгүй бол би байхгүй, би
байхгүй бол одоо миний сайхан 5 хүү төрөөгүй байна. Ингээд бодохоод би их заяа
төөрөгтөй хүн одоо би суманд маань Дани улсын тусламжаар барьсан усан цахилгаан
станцын манаачаар нөхөртэйгээ ажиллаж, хажууд нь тариагаа тарин сайхан амьдарч
байна гэж хуучиллаа.
Үнэхээр XX зууны монгол орны зарим хэсгээр бэлгийн замын болон бусад өвчин газар
авч хүндхэн байдалд орсон үе байлаа. Энэ үед Карл Клевс өөрийн биеэр Эрхүү явж улаан
тариа авч ирэн нутгийн иргэдийг эмчилсэний дунд 105 настай Аюуш гэдэг эмэгтэй одоо
хүртэл үр хүүхэдтэйгээ өнөр өтгөн амьдарч байгааг нутгийнхан бахархан ярьж байна.
Мөн нутгийн хүмүүс ярихдаа: Тэд маш сайхан олон Томск адуутай байсан. Даничууд
усанд сайн, тэр тусмаа Дани доктор \Карл Кревс\ хэчнээ хол усанд сэлж, хэчнээ их завгүй
байсанч эмчилгээгээ хэзээ ч тасладаггүй. Хэвтэрт орсон зөндөө хүн түүнд хандаж очоод,
эрүүл болоод явдаг байсан гэж ам дамжин яриж байлаа. Н. Цэцэгмаа: Нэг л орой өвөө аав
Дагвад маань Дани хүн явах болсноо хэлээд томск морио өгсөн ч өвөө маань аваагүй
харин нутгийн Батмөнх гэдэг хүнд өгөөд Дани доктор нэг өглөө “гэнэт алга болсон” гэж
ярьлаа.
Гадаад яамны сайд Гиваажир 1925 онд тависан илтгэлд монгол улсад 8 Дани иргэн
оршин сууж байгаа тухай дурдсан нь Гадаад Харицааны Яамны төв архивд тэмдэглэгдэн
үлдсэн байна. 1923 оны 6 сард Даны төлөөлөгч нийслэл хүрээнд Даний цахилгаан
мэдээний хоршоо байгуулах санаа тавихад Орос, Хятадтай Харилцаж байж шийдвэрлэнэ
гээд хойшлуулсан байдаг \гадаад яамны архивын хад.\. Монгол Улсын Гадаад Яаманд
газар эзэмшихийг хүссэн тухай албан бичиг ГХЯТА-д хадгалагдаж байна. Хэннинг
Хаслундын цуглуулга, ном, дуу бичлэгийн хуурцагууд одоо Монголын түүх, эд өлгийн
болон оюуны соёлыг судлах арвин их эх сурвалж болон Дани улсад хадгалагдаж байна.

\Дани иргэд газар эзэмшихийг хүссэн албан бичиг. ГХЯТА\

МҮМ Эрдэм Шинжилгээний
Гэрээт ажилтан
М. Эрдэнэчимэг
2010.11.06

Comments