Ирээдүйн МОНГОЛ хүн

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тархаад байгаа 6 настай 1 дүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн уйлсан ѳхѳѳрдѳм бичлэгийг үзлээ. Үнэхээр ѳхѳѳрдѳм юм. -Ээжийгээ санаад байна ииии, -Ээж нь хаана байгаа юм? –Гадаа байгаа ииии хѳѳрхѳн үрс шинэхэн орчиндоо гайхшираад тэр.

Гэхдээ бид хоёр том гүрний дунд оршдог, цѳѳхѳн ам бүлтэй, онцгой хувь заяатай ард түмэн.

Хоёр хѳрш их гүрэн ѳдрѳѳс ѳдѳрт цэцэглэн хѳгжиж, хүчээ авч байна. Энэ хүчирхэг гүрнүүд ирээдүйн иргэдээ боловсролтой, чадалтай болгоход бүх талаас нь анхаарч байна. Наад захын жишээ нь: Хятад гэр бүлийн 6 гишүүн /дѳрвѳн эмээ ѳвѳѳ, эцэг, эх/ 1 хүүхдийн хойно зогсож, бүх анхаарлаа хандуулан, асар их хариуцлага, үүргийг хүүхдүүддээ үүрүүлэн суралцуулж байна. Мэдээж тэдний дундаас энэ их ачааг дийлж чадаагүй хэд байхад дийлээд гарсан 99% нь нэг хѳршийн маань ирээдүйг залгамжлагчид болно.

Эдэнтэй ѳрсѳлдѳх хэмжээний ѳндѳр боловсрол, холын хараа, тэвчээр хатуужил, ѳѳрийн хатуу үзэл бодолтой ирээдүйн иргэдээ бид харин бэлтгэж чадаж байна уу?

Бэлтгэгдсэн боловсон хүчин, иргэдийнх нь суурь хүмүүжил, чадвар нь дэлхийн ажлын байрны зах зээлд дээгүүрт ордог Дани улсын сургалтын арга барил нь хүүхдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байдгийг энэд жишээ болгож байна. Энэ нь багаар ажиллах, хувийн зохион байгуулалт мѳн чѳлѳѳтэй сэтгэж, ѳѳрийн үзэл бодлоо илэрхийлж үүнийхээ тѳлѳѳ бат итгэлтэй болгоход гол анхаарлаа хандуулдаг.

Хүүхэд 8 сартайгаасаа яшилд хамрагдаж эхлэдэг ба энэ үеээс жинхэн чанартай ”Дани” хүн болгох сургалт эхлэдэг юм байна. Наад зах нь ширээн дээр тэгшхэн сууж, халбагаа зѳв барих, хүнтэй мэндлэх, хүргэж ѳгѳѳд явж байгаа аав, ээж дээ заавал уулзатлаа түр баяртай гэж хэлэх зэргээс эхлэдэг. Энэ нь хүүхдийг бүтэн ѳдѳржин баяр баясгалантай байж ээж, аав нь орой ирээд авдаг гэсэн итгэл тѳгс байж, ѳѳртѳѳ итгэх үндэс болдог. Хүүхдийг ѳвдѳг дээрээ гараа тавиад суухийг, хоолоо ИД гэж шууд утгаар захирахыг хориглодог.

2 нас хагас, 3 наснаас цэцэрлэгийн ангид шилжин орж, жинхэн багаар ажиллахад суралцана. 2 хүүхэд заавал нэг баг болж бие биедээ туслах, гадуур гарах үедээ бие биедээ анхаарал тавих зэргээр ѳѳрийн бие болон бусдын сэтгэлзүй, хүсэл эрмэлзэлийг хүндэтгэх тѳлѳвшлийг бий болгодог.

Данид хүүхдүүд 6 настайдаа сургуульд ордог. Гэхдээ манай Монгол шиг нэг ѳдѳр /9 сарын 1/ бѳѳнѳѳрѳѳ ордоггүй. 6 нас хүрээд тѳрсѳн ѳдрѳѳ тэмдэглээд маргааш нь сургуульдаа ордог. Ѳмнѳх бүх шат дамжлагаар явсан хүүхдүүд аль хэдийн сургуулийн ерѳнхий ойлголттой болсон, ѳѳртѳѳ итгэлтэй, хүссэнээрээ байж чаддаг юм байна.

Цэцэрлэг, сургуулийн багш бэлтгэх их сургуулиуд хамгийн ѳндѳр шалгууртай, удаан хугацааны сургалттай байдаг. Мэдээж хүүхдийн сэтгэл зүйг мэдэрч түүнд тааруулан хүмүүжүүлэх гэдэг ѳндѳр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчний ажил юм.

Ѳндѳр хѳгжилтэй улс орнуудын боловсрол, сургалтын онцгой үр дүнтэй арга барилуудыг шууд хуулбарлалгүй Монгол орчин, хүүхдийн

сэтэгхүйд тохируулан ѳѳрчилж, тѳрѳѳс сургалтын удаан хугацааны цэгцтэй бодлого барих цаг нь болсон байна.

Одоо бидний мѳрдѳж байгаа сургалтын арга нь багш самбарын ѳмнѳ ярьж, сурагчидаа хѳдѳлгѳѳнгүй, чимээгүй суухыг дэглэм болгодог. Энэ нь хүүхдийг үзэл бодлын хувьд хаагдмал, ѳѳртѳѳ итгэлтэй биш, бусдын үг, үзэл бодлыг дагагч болгон хувиргаж байна. Жишээ нь: Багш самбар дээр алим зураад энэ юу вэ? гэж асуухад анги дотор байгаа 24 хүүхэд 24 янзаар харна бѳмбѳг, дугуй, буруу харсан Q гэх мэт. Тэр ѳѳр ѳѳр үзэл бодлыг ѳѳр ѳѳрсдѳѳр нь хѳгжүүлэх нь чухал болохоос одоогийн манай сургалт шиг энэ бол АЛИМ, AЛИМ дагаад хэл АЛИМ гэж хүүхдийн ѳѳрийнх нь харж байгаа үзлийг огт арчин хаяж болохгүй. Энэ нь ѳѳртѳѳ итгэлгүй сул дорой хүн болох үндэс суур болоод байна.

Энэ сургалтаар хүмүүжсэн бид ухамсар, үзэл бодлын доройтолыг 4 жил тутам болдог УИХ, орон нутгийн сонгуулиудаар хангалттай анзаарч болно. Нам, нэр дэвшигчийн мѳрийн хѳрѳлбѳрийг нэг бүрчлэн уншиж, ѳѳрийн амьдрал, хүүхдүүдийнхээ ирээдүйд аль нь зѳв, эрүүл санаа агуулсныг ухаж ойлгоод сонголтоо хийдэг иргэн тун цѳѳхѳн гэж хэлж болно.

Харин сайн дуучин дуулуулсан, эд, мѳнгѳ амласан, хэн их хий хоосон сурталчилгаа хийсэн зэргээр улс тѳрийн сонголтоо хийдэг. Гэхдээ энэ нь хувь хүний ѳѳрийн үзэл бодлоороо хийсэн жинхэн улс тѳрийн сонголт нь биш байдаг.

Данид 8 жил амьдрахдаа 2 ч сонгуулийн явцыг анзаарлаа. Сурталчилгаа гэж хаяа нэг гудамжинд ѳлгѳсѳн самбараас ѳѳр зүйл хэвлэл мэдээлэл хаанаас ч олж харсангүй. Иргэд ѳѳрсдѳѳ нийгмийн хариуцлага ухамсараараа нетээс сонгуулийн мѳрийн хѳтѳлбѳрүүд олж уншаад, энэ надад, миний гэр бүлийн ирээдүй, улс оронд хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилээрээ сонголтоо хийдэг.

Ийм иргэний боловсрол, үүрэг, хариуцлагыг цэцэрлэг, сургуулиас нь тѳлѳвшүүлдэг. Жишээ нь: Дани хүн нэг ҮГҮЙ гэсэн бол түүнийг хэнч ЗА болгож чадахгүй. Энэ нь жинхэн үзэл бодол, ѳѳртѳѳ үнэнч ДАНИ хүн. Ахиад хэлэхэд энэ нь дээр дурьдсанаар 8 сартайгаас нь иргэдээ боловсруулсан сургалтын урт бодлогын үр дүн.

Монгол хүний оюун ухаан, бие бялдарын цар хүрээ ѳргѳн бѳгѳѳд хүчтэй. Энэ чадвар, хүчийг олон жил дарж, хайрцаглан хаагдмал болгож, хүмүүжүүлжээ. Энэ явцуу сургалтын болхи аргатай алсын хараагүй цааш явбал уйлж сургуульд орж, хүний үзэл бодлоор бүхнийг хардаг, хэнч хүүхэлдэй болгоод утсаар удирдчихдаг ирээдүйн МОНГОЛ хүн боловсруулаад байх вий.

Монгол улсын ирээдүйг гэрэл гэгээтэй харахын тулд нэн тэргүүний анхаарал хандуулах асуудал яах аргагуй боловсролын салбарт шинэчлэл хийж, үр хүүхдийнхээ оюун ухаан, бие бялдарыг хѳгжүүлэхэд шаардагдах хѳрѳнгѳ оруулалтыг бий болгон тѳрѳѳс урт хугацаатай бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.

М. Эрдэнэчимэг Угсаатан судлаач, Музейн мэргэжилтэн 2014.09.02

 

 

Comments